Ж.Даваабаатар

БНМАУ-Д ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖУУД... /1960-1990/

            БНМАУ-д техникийн тусламж үзүүлэх тухай ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 12 сарын 01-ний 3501 дугаар тогтоол нь Монгол улсад газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс болсон юм. Энэ дагуу Монгол улсад ЗХУ-ын технологи, техник тоног төхөөрөмж нийлүүлэхийн зэрэгцээгээр агаараас газрын зураг авах замаар газар зохион байгуулалт зурагзүйн үндсийг тавих ажил явагдаж эхэлсэн. Энэ нь Монголын газар тариалангийн бүс нутгийг бүхэлд нь хамарсан газар зохион байгуулалтын зураглал хийх ажил байлаа. Энэ ажилд Оросын ХАА-н эдэлбэр газрын зураглал хийдэг Бүх холбоотын ХАА-н агаарын зургийн институт /ВИСХАГИ/-ийн мэргэжилтнүүд оролцсон. ХАА-н зориулалтаар агаарын зураг авах, эрэл хайгуул хийх, газрын зураг бэлтгэх ажил үндсэндээ 1961- 1972 онд хийгдсэн. Энэхүү ажлыг ЗХУ-ын талаас Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо, Экспорт-Импортын "Сельхозпромэкспорт" нэгдэл, БНМАУ-ын талаас "Комплекс-импорт" нэгдэл харилцан гэрээ байгуулс наар экспедицийн даргаар нь И.Д. Хмельвский, ерөнхий инженер нь А.И. Моисеев нар ажиллах болсон юм.

ХАА-н газрын агаарын зураг авах энэ байгууллага нь экспедицид зориулагдах геодезийн багаж төхөөрөмж, авто тээврийн хэрэгслүүд, экспедицийн явуулын ажлын байр, зарцуулах материал гээд бүгдийг иж бүрнээр нь хангаж байсан. Монголын нутаг дэвсгэрт геодезийн зураг авалтын ажлыг хийхэд зориулж Оросын ХАА-н агаарын зураг авах байгууллага 1:10000, 1:25000 масштабтай агаарын зураг авах зориулалттай зураг авалтын цэг сүлжээ байгуулж, техникийн үндэслэл боловсруулсан. Тус экспедиц нь ажил мэргэжлийн туршлагатай 120 гаруй хүнтэй баг бүрэлдхүүнээс бүрдсэн байлаа. Ингэж Монголд геодезийн 1, 2-р зэрэглэлийн зураглалын сүлжээ байгуулахаар томилогдон ажилласан экспедиц нь геодезиийн цэг тэмдэгт суулгах, тулгуур цэг, геодезийн зураглалын сүлжээ байгуулах, агаараас авсан зургийг боловсруулах чиглэлээр ажилласан юм. Геодезийн зураг зүйн холбоотой дээрх материалуудыг бий болгохын зэрэгцээ мэргэжилтнүүд газар зохион байгуулалтын чиглэлээр дараах хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Үүнд:

o   Монголын газар тариалангийн бүс нутагт хөрсний болон ургамлын иж бүрэн судалгаа хийх

o   Газар тариалан, хадланд тохиромжтой эдэлбэр газар нутгийн нөөц илрүүлэх

o   Шинээр САА байгуулах, атар газар эзэмших, бүс нутгуудын газар зохион байгуулалтын зураг төслийг боловсруулах

o   Улсын газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэл хийх зэрэг ажлуудыг хийсэн.

1961-1963 оны хооронд Зөвлөлт, Монголын газар зохион байгуулалтын мэргэжилтүүд тариалан эрхлэх боломжтой 1360,5 мянган га атар газрыг илрүүлж, 422,6 мянган га хагалж байгаад атаршсан газар, 422,6 мянган га хадлангийн талбайн зургийг гаргасан.

1960-1980 онд явуулсан дээрх үйл ажиллагааны үр дүнд Монгол улсын тариалангийн талбай 1182 мянган га-гаар нэмэгдэж 24 САА ЗХУ-ын техникийн тусламжтайгаар шинээр байгуулагдсан. Газар зохион байгуулалтын ажлыг В.Ф. Спиридонова, М.И.Химиченко, В.Г.Чернявского, А.В. Донцова зэрэг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хийсэн байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байсан экспедицийн даргаар О.И. Постольника, Ерөнхий инженерээр В.И.Архипов нар 1964-1965 онд, мөн экспедицийн даргаар Ф.С.Качуры, Ерөнхий инженерээр В.Н. Жирякова нар 1966-1967 онд тус тус ажиллаж байсан. Эдгээр хүмүүс нь агаарын зураг авч зураглах ажил хийхийн зэрэгцээгээр, газар зохион байгуулалтын ажлыг удирдан зохион байгуулж байсан түүхтэй. Агаараас зураг авах "Сельхозаэрофотосьемки" экспедиц 1962-1967 онд ажилласны үр дүнд Монголын тал Төв, Булган, Дорнод, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан 1:25000 масштабтай байр зүйн зурагтай болсон юм.

ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1977 оны 7 сарын 8-ны 1506 дугаар тогтоолын дагуу 1978-1981 онд Монголын газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд байгалийн нөөцийн иж бүрэн судалгаа, зураглал хийх өргөн цар хүрээтэй ажлыг гүйцэтгэсэн юм. БНМАУ- ын төлөвлөгөөний комисс болон Үйлдвэрлэх хүчний байршил, хөгжлийн институтийн санаачилгаар 1977 онд БНМАУ-ын байгалийн нөөцийн сэдэвчилсэн зургийг Улс ардын аж ахуй, үйлдвэрлэх хүчний байршлын хэтийн төлөвийн төлөвлөлтөд зориулан боловсруулсан юм.

Улс орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан ийм өргөн цар хүрээтэй ажил дэлхийд анх удаа Монголд л хийгдсэн. Өөр ямар ч орон газар нутгийн ийм өргөн хүрээтэй мэдээлэлтэй зурагтай болоогүй байсан юм. Зөвлөлтийн автомат удирдлагатай "Космос" аппарат, алсын удирдлагатай "Салют-6" станцын тусламжтайгаар зураг авалтын ажлыг зохион байгуулсан. Энэхүү зураглалын үр дүнд БНМАУ-д янз бүрийн цаг хугацаанд гүйцэтгэсэн олон төрлийн агуулгатай зурган мэдээллүүдийг нэгдсэн нэг суурь дээр зураглах нөхцөл бүрдсэн юм.

Ийм нарийвчилсан зургийн үндсэн дээр Монгол улсын нэлээд ирээдүйтэй бүс нутгуудын зургийг тусгайлан гаргаж ирсэн. Энэ хүрээнд нэлээд нарийвчилсан тусгай зориулалтын байгалийн нөөцийн судалгаа хийгдсэн. Энэ судалгаа бол бага масштабын 1:1000000-ны зураr дээр БНМАУ-ын хөгжлийн хэтийн төлөвийг бүсчлэн харуулсан бөгөөд цаашид 1:100000 болон 1:200000- ны зураг ашиглаж нарийвчилсан судалгаа хийх үндэс тавигдсан юм. Эдгээрийн дотор БНМАУ-ын "Тазрын нөөцийн зураг", "Газар ашиглалтын зураг гол байр суурь эзэлж байсан. Энэ картууд нь Монголын газар зохион байгуулагчид мэргэжилтнүүд болон ЗХУ-ын мэргэжилтнүүдийн хамтын бүтээл юм. Зөвлөлтийн талаас энэ картыг бүтээхэд А.В. Донцов, А.А.Залетов, Г.В.Рудаков нарын мэргэжилтнүүд идэвхитэй оролцсон. Тусгайлсан макет бүхий зураг бүтээхэд Бүх холбоотын ХАА-н агаарын зургийн институтийн мэргэжилтэн В.И. Капустянским, Л.И.Лепушивой, Г.Г.Миловой, Т.Я. Мокроусовой, А.Я. Рашиным, Ф.Х.Родригесом, мен Газрын нөөцийн эрдэм шинжилгээний улсын институтийн В.Г.Волзовой, Л.П.Дашковой, Н.В.Лешковой нарын мэргэжилтнүүд оролцсон. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Монголд үндсэндээ газар зохион байгуулалтын алба болон газар зохион байгуулалт, хайгуул зураг төслийн институтт бий болсон. Үүнээс гадна газар зохион байгуулалтын чиглэлээр өөрийн мэргэжилтнүүдийг орон нутаг дахь техникумууд болон Улаанбаатар, Дарханд бэлтгэж эхэлсэн. Москвагийн Газар зохион байгуулалтын инженерийн дээд сургуулийн 1981 оны төгсөгч Ж.Наранцацралт Улаанбаатар хотын дарга болж, улмаар 1998-1999 онд Ерөнхий сайд болсон. Энэ хүн улс орныхоо газрыг зөв зохистой ашиглах ажлыг зохион байгуулах ажилд идэвхитэй оролцож байсан.

Орчуулсан        МГЗБХолбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж. Даваабаатар

Газрын харилцаа сэтгүүл  № 2014/1(32)