А. Бааст : Би ард түмнийхээ зарц, иргэдийнхээ дуу хоолой болж явсан
Монгол Улсын Гавьяат эдийн засагч, АИХ-ын Депутат асан Аюушийн Бааст гуайг "Ярилцах танхим"-ынхаа хойморт урьсан нь учиртай. Энэ сайхан буурал маань АИХ-ын депутатаар сонгогдон, Монгол Улсын Шинэ Үндсэн хуулиа батлалцаж явсан түүх шастир арвинтай нэгэн билээ.
Шинэ Үндсэн хуулиа баталсны 29 жилийн ойн өдөр саяхан тохиолоо. Үндсэн хуулиа баталсан тэр цаг үе бол Таны амьдралын түүхийн нэгээхэн хэсэг. Юуны өмнө ярилцлагаа тэр сайхан түүхийг сөхөж эхэлье. Шинэ Үндсэн хууль батлах үеийн нөхцөл байдлаа дурсвал уншигчдад маань сонин байх?
1989 онд ардчилсан хувьсгалын хөдөлгөөн өрнөж, ардчиллын үнэ цэнийг ард түмэн маань ухаарч, мэдэрч эхэлсэн. Тэгээд 1990 оны эхэн үеэс бид хот, хөдөөгүй л ардчилсан хөдөлгөөнийг өрнүүлж, идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн дээ. Төд удалгүй, АИХ- ын депутатуудаа сонгох сонгууль болж, нийтдээ 439 депутат сонгож, шинэ ардчилсан Үндсэн хуулийн төслийг ард түмэндээ танилцуулах асар том ажлыг детутатууд маань гардан хийсэн юм. Энэ шинэ Үндсэн хуулийн төслийг айл өрх, иргэн бүр уншиж танилцаж, санал бодлоо ирүүлж байсан. Ингээд 1991 оны сүүлчээр бид бүтэн 176 хоног хуралдаж байж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.
Хот, хөдөө орон нутгийн бүх л иргэдээс ирсэн мэдээлэлтэй танилцаж, тэр болгоныг нарийн шүүн тунгаан, харилцан ярилцаж байж, шинэ Үндсэн хуулиндаа шингээж, хэлэлцэж эхэлсэн. 1991 онд Улсын бага хурлаа байгуулснаар Үндсэн хуулийн төслийг боловсруулах, ард түмэнд хүргэх, танилцуулах гээд нөр их ажлыг хийсэн юм.
Шинэ Үндсэн хуулиа батлан гаргана гэдэг бол маш том ажил. Үнэхээр түүхэнд үлдээсэн гавьяат үйлс. Шинэ Үндсэн хуулиа батлан гаргасны дараа хийж хэрэгжүүлэх, ухуулж таниулах гээд томоохон ажлууд өрнөсөн байх даа?
Олон улсын судлаачид манай хуулийг маш нарийн судлаад, үнэхээр сайн хууль болсон гэх дүгнэлт гаргасан байдаг юм.. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн чөлөөт эдийн засаг руу шилжсэнээр төрийн өмчийг хязгаарлагдмал болгож, иргэдийнхээ эрх чөлөөтэй ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг сууриар нь бүрдүүлж өгсөн гэсэн үг. Ер нь Монгол Улсын хөгжлийн шинэ чиг хандлагыг шинэ Үндсэн хуулиндаа маш сайн, нарийвчлан тогтоож өгсөн л дөө. Энэ үндсэн хуулийг батлахын тулд олон хоног суусан, ярилцсан, олон сар, их зүйлийг судалж, уншсан. Тэр байтугай, хэлэлцэж байгаа асуудлаасаа болоод хоорондоо зодолдож ч байсан удаатай. Сайн Үндсэн хууль болгох гэж, үнэн зөв болгох гэж л ингэж муудалцаж байгаа хэрэг. Үндсэндээ энэ бүх үйл ажил маань яг зуу хоног үргэлжилсэн гэж хэлж болно л доо. Ерөнхийлөгчөө сонгох, Улсын Бага хурлаа байгуулах, Үндсэн хуулиа батлах гээд... энэ чухал ажлуудыг бас тийм ч богино биш хугацаанд шийдэж байсан түүхтэй.
Манай одоогийн УИХ Үндсэн хуулиа өөрчилж, шинэчилсэн найруулга хүртэл хийлээ. Үндсэн хуулиндаа гар хүрэх нь буруу гэж үздэг
улстөрчид байхад нийгэм, цаг үетэйгээ нийцүүлэн засч, өөрчлөх ёстой хэмээх нь ч бий. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Энэ Үндсэн хууль бол нэг их оролдоод байхаар зүйл биш. Шинэ хууль батлагдсанаас хойш нэг удаагийн парламент долоон өөрчлөлт хийсэн байснаа сая буцаагаад заслаа. Ер нь бол Шинэ Үндсэн хуулиа нэлээд сайн хамгаалж, зөв, сайн л хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үндсэн хуулийн гол хэрэгжүүлэгч эзэд, тэр Үндсэн хуульд тохирсон дагавар органик хуулиудыг гаргах хүмүүс нь УИХ-ын гишүүд шүү дээ. Тийм учраас УИХ-ын гишүүд нь эдийн засагч, хуульч хүмүүс л байх ёстой. Хуулиа сайн мэддэг ойлгодог, эдийн засгаа төлөвлөж чаддаг ийм л хүмүүс хууль боловсруулж, тогтоож чадна. Үнэн хэрэгтээ социализмын үед төлөвлөлтийг маш нарийн, сайн хийдэг, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг байлаа. Тэр үед бүх л хүмүүс эдийн засгийн суурь мэдлэгтэй байсан. Эдийн засгийн суурь мэдлэг бол маш чухал юм гэдгийг л хэлэх гээд байна. Ялангуяа хувийн үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ хүмүүс эдийн засгийн боловсролоо өдөр тутам дээшлүүлж, нийгэм, цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байгаа зүйлийг судалж мэддэг, ойлгодог байх ёстой. Ингэсэн цагт манай улсын хөгжил дорхноо л өсөөд ирнэ. Өнөөдөр чинь хот, хөдөө орон нутагт юм хийе гээд зүтгэж байгаа хүмүүс их олон болсон байна. Түүнийг нь сайхан дэмжээд, бүх юмыг нь нэгбүрчлэн сайн хэлээд өгөх хэрэгтэй. Тэр болгонд хүний боловсролын хэмжээ, ойлгоц хүрч чадахгүй байж болно. Ялангуяа мөнгөтэй харилцах харилцааны тухай бүрэн ойлгуулмаар байна. Мөнгөтэй харилцана гэдэг чинь хүмүүсийн зөвхөн дэлгүүр орж, худалдан авалт хийхийг хэлдэг юм биш шүү дээ. Түүний цаад бүхий л харилцааг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс мэдэж, ухаарч, дор хаяж л нөөц сан гэдэг юмыг заавал бүрдүүлж байх хэрэгтэй. Хуримтлал гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн энэ цар тахлын үед нөөц хуримтлалгүй учраас ААН, жижиг дунд үйлдвэрүүд маань үгүйрэл хоосрол руу явж байна. Эвгүй үг хэлсэн байж магадгүй гэхдээ энэ чинь маш бодууштай хэрэгжүүлж байх л ёстой зүйл. Тэр байтугай айл өрхүүдэд ч гэсэн хуримтлал заавал байх ёстой. Шинэ Үндсэн хуулийн гол үзэл, санаа бол хүн ардаа сайн, сайхан амьдралтай, эрх чөлөөтэй байлгах явдал шүү дээ.
Та сая яриандаа дурдлаа шүү дээ, эдийн засагчид, хуульчид хууль тогтоож, боловсруулж чадах хүмүүс гэж. Яагаад ингэж хэлэх болов. Ер нь социализмын үед тавьдаг шаардлага нь нэлээд өөр байсан учраас тэр үеийн эдийн засагчид их мундаг өсч, хөгждөг байсан болов уу гэх бодол төрдөг юм?
-Эдийн засагчид бүр суурь буюу өрхийн амьдралаас ажлаа эхэлдэг байв. Тэгэхэд малчид малаа хэдэн толгойгоор өсгөх, хэдэн га газар нэмж хагалах, түүнээсээ хичнээн хэмжээний ургац авах вэ гэдгээ урьдаас мэргэжлийн хүмүүстэйгээ ярьж тохирч, хүн ардтайгаа уулзаж хийснийхээ үндсэн дээр тус тусын мэргэжлийн хүмүүс өөр, өөрийн төлөвлөгөөг боловсруулж, тооцоолон гаргадаг байсан. Малчид нэг богоос хэдэн кг ноос, ноолуур авах ёстойг, тариаланчид нэг га газраа хэдэн см-ийн гүн хагалаад, ямар бордоогоор бордох, хэдийд тарьж, үрээ хэдэн см-ийн гүнд суулгах вэ гээд бүх л асуудлаа маш нарийн тооцож эцэст нь хэдэн центнер ургац авна гэх тооцоогоо гаргадаг байв. Энэ чинь л эдийн засаг юм. Энэ бүгдийг нэгтгээд САА, нэгдэл өөрсдийнхөө таван жилийн төлөвлөгөөгөө боловсруулна. Тэр бүхэн хэрэгждэг байсан. Энэ нь эдийн засгийн тооцоо хийхийн давуу тал. Эдийн засгийн тооцоо зөв, үндэслэлтэй байсныг харуулах баримт.
- Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлах үед Та ямар ажил алба эрхэлж байв?
-Би Төв аймгийн Угтаалын САА-н дарга байсан. Тэнд арван хоёр жил САА-н даргаар ажилласан. Энэ арван хоёр жил маань үнэхээр сайхан жилүүд байж. Манай САА энэ арван хоёр жилд гурван удаа улсад нэгдүгээр байрт, гурван удаа хоёрдугаар байрт, гурван удаа гуравдугаар байрт орж байсан их сайхан жилүүд байгаа биз. Мал их өссөн, ургац их арвин авч байсан. Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлж өсгөдөг, үр тариа тарьдаг, 38 мянган га газраас бид 40-60 мянган тонн ургац хурааж авдаг байсан, 25 мянган тонн өвс бэлтгэдэг байлаа. Зуд турхан болоход Угтаалын САА дангаараа Дундговь аймгийг өвс, тэжээлээр нь бүрэн даадаг байв. Хорин найман трактор, хоёр чиргүүлтэй өвсөө ачаад л явдаг, хавар тариа тарихаас өмнөхөн л эргэж ирдэг байсан. Мөн САА 100 мянган тонн тэжээл үйлдвэрлэдэг тэжээлийн үйлдвэртэй байсан. Тухайн үед бид техникийн сэлбэг хэрэгслийг дотоодоосоо авдаггүй байсан. Улаан-Үдийн хэд хэдэн газартай гэрээ хийгээд, тэдэнд тэжээлээ өгөөд, оронд нь сэлбэгээ авдаг. Айлын гэрийн мебель иж бүрэн тавилга 350 төгрөг байсан. Өгөх, авахаа сайн тооцож, ашиг орлогоо ч сайн бодно, энэ бүгд чинь л эдийн засаг шүү дээ.
Сүүлийн жилүүдэд газар тариалангийн хувьд тариалалт, хураалтын ажил нэлээд оройтож хийгдээд байна гэж ярих болсон. Олон жил САА удирдаж явсан, туршлагатай хүний хувьд энэ тал дээр Та юу хэлэх вэ?
ХАА-н үйлдвэрлэлд ажиллаж байгаа компаниуд их зүйл хийж, зүтгэж, хөдөлмөрлөж байна. Их зүйл бүтээхийн төлөө, хүн ардаа хүнс тэжээлээр хангахын тулд маш их ажиллаж байна. Гэхдээ миний бодож байгаагаар хөрс боловсруулалтын технологи жаахан алдагдаж байна. Нөгөө талаар тариалалтын ажил оройтож, түүнийгээ дагаад тарианы болц ч оройтож, намар арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхэн хүртэл ургацаа хурааж байна. Энэ нь маш хүнд байдалд хүргэж болно. Цаг агаар ямар билээ, хүнд шүү дээ. Цас зуд болоод үр тариаг нь дараад хаявал тэгээд л хамаг хөдөлмөр талаар болно. Ийм учраас бид их нарийн бодож өөрөөр хэлбэл зургаадугаар сарын арван гэхэд тариагаа тариад дуусчихсан, түрүүчийн тарьсан нь соёолж эхэлж байх ёстой. Бидний үед тариалалтдаа оюутан авч ажиллуудаг байсан. Тэгээд аравдугаар сарын нэгэн гэхэд тариагаа хурааж дуусаад, оюутнуудаа буцаадаг байлаа. Гэтэл одоо арваннэгдүгээр сард тариагаа хураагаад л зогсож байна. Ийм болохоор технологи алдагдаж байна уу даа гэж бодогддог юм. Ийм учраас манай тариаланч хамт олон та бүхнийгээ технологийн асуудлаа өөрсдийнхөө оршин байгаа аймаг нутгаараа хоорондоо ярилцаж, тохирч хийгээсэй л гэж бодож байна. Байгаль цаг уурын нөхцөл аймаг, аймагт өөр шүү дээ, Түүндээ тохирсон тариалангаа эрхлээд яваач ээ, түүнээс биш газар тариалан хөгжих боломж байна шүү. Тариаланч та бүхэндээ ажлын амжилт хүсээд хамгийн гол нь технологио зөв бариач л гэж хүсэх байна.
Таны суралцаж байсан 10 жилийн анги тань их түүхтэй анги гэсэн. Тэр тухайгаа нэг сайхан дурсана уу?
Бид 1960 онд Ховдын 10 жилийн дунд сургуулийг гурван бүлэг төгссөн юм. Энэ дундаас дээд боловсрол эзэмшээгүй нэг л хүн байдаг. Бусад нөхдийн хувьд бол удирдах албан тушаал ч хашиж байсан, өдгөө их сайхан аж төрөн, амьдарч суугаа буурлууд бий. Үндсэн хууль батлахад манай ангиас долоон хүн оролцож байлаа Тэдний маань дундаас хоёр улсын их хурлын дарга, нийт төгсөгчид дундаас шинжлэх ухааны доктор 12, Монгол улсын гавьяат 15, төрийн шагналт хоёр хүн байна даа. Энэ бүхнийг эргээд бодон суухад их сайхан санагддаг. Тухайн үед боловсрол, мэдлэг, мэргэжилтэй болж хүний дайтай явсан даа гэж ангийн анд, нөхдөөрөө их бахархдаг. Өөр өөр анги гэж талцан хуваагддаггүй, хоорондоо их дотно, одоо ч мөн адил нөхөрлөж биенийгээ санагалзан дурсдаг.
Одоогийн парламент, Таны үеийн парламент хоёр яг юугаараа ялгаатай Бас давуу болон сул талыг Та хэрхэн харж байна?
Манайд урьд социалист нийгмийн үеийн төлөвлөлт маш сайн байж, эсрэгээрээ одоо төлөвлөлт гэдэг зүйл байхгүй болчихсон. Мөн орон нутаг руугаа хандах хандлага маш бага малчид, тариаланчдын дунд ороод тэдгээр хүмүүсийн асуудлыг сонсдог тийм удирдагч хэрэгтэй байна. Энэ нь хүмүүсийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлж хөгжин дэвшихэд нь томоохон түлхэц үзүүлнэ. Гэхдээ социалист нийгмийн үеийн удирдлагын систем, одоогийн систем хоёр өөр асуудал юм. Тухайн үед айл бүрээр орж төлөвлөлт хийдэг харин одоо бол төлөвлөлт хангалттай биш. Харин сая нэг “Алсын хараа гуч” гэж гаргасан 5-10 жилээр төлөвлөлт хийсэн хэдий ч тэр нь хүндээ хүрэхгүй тал ажиглагдсан. Ард түмэндээ хүрч байж хэрэгжинэ. Тийм учраас удирдлагууд ард иргэдийнхээ үгийг сонсож, зөв чиглэлээр удирдаж чаддаг байх нь хамгийн чухал. Энэ бол зөвхөн миний үзэл бодол юм шүү.
Үндсэн хууль болон бусад хуульд шинээр орсон зарим өөрчлөлт эрх мэдэлтнүүдэд илүү нөлөөлсөн тал ажиглагддаг. Энэ дээр Та ямар байр суурьтай байна вэ?
Энэ сүүлчийн парламентаас өмнөх бүх хуулиуд үндсэндээ эрх мэдэлтнүүдийг хамгаалсан хуулиуд гарч байна. Үндсэн хуульд 28 өөрчлөлт хийсэн. Тэгээд энэ өөрчлөлтийнхөө дагуу гарч ирж буй шийдэн боловсруулан, баталсан хуулиуд бол бас ч нэг гайгүй ар талаасаа харсан хуулиуд гарч магадгүй харагдсан.
Ямар нэгэн албан тушаал хашиж байсан хэн нэгэн хүн улс төрд ордог нь нууц биш. Сүүлийн үед хувийн хэвшлийнхэн бизнесүүд нэлээд орж орж байна. Таныхаар бол улстөрч хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ?
Улсын эдийн засаг ирээдүйг харж чадах чадвартай, мэдлэг, боловсролтой, түмэн олонтойгоо ойр дотно ийм хүн байж гэмээнэ улстөрч болно. Хэрвээ хүний итгэлийг дааж чаддаггүй, муухайгаар хэлбэл мэдэмхийрсэн ийм байдалтай байвал нэр хүндийг эс олж, хэлсэн үг нь хүнд хүрэхгүй болдог юм. Үг нь хүнд хүрэхгүй бол гнэ цэнэ гэж үгүй шүү дээ.
Газар зохион байгуулах инженер мэргэжилтэй хүн хэрхэн Монгол Улсын гавьяат эдийн засагч хүн болсон түүхээсээ сонирхуулна уу?
Нэг талдаа бол би эдийн засгийн ухааны доктор, гавьяат эдийн засагч хүн. Гэтэл миний эзэмшсэн мэргэжил юу билээ газар зохион байгуулах инженер. Монгол орны газар шороо нутаг дэвсгэрийг бүгдийг судалсан нь миний хамгийн томоор өөртөө бахархаж явдаг зүйл мөн. Монгол Улсад миний очиж үзээгүй дов толгод, хуй жалга байхгүй гэж хэлэх дуртай. Тэгж олон сайхан газруудаар маш олон хүнтэй уулзаж явсан минь надад өгсөн мэдлэг, хүн удирдахад дэмжлэг тус болсон. Хүн ер нь байгаль, олон түмнийхээ хүчинд ухаан суудаг, ухаарч амьдардаг учраас өөрийн эрхгүй эдийн засгаа хэрхэн авч явах вэ гэдгээ боддог болчихдог юм. Дээрээс өгсөн үүрэг даалгавар ч гэсэн эдийн засагчийн мэргэжлийг шаарддаг байсан. Жишээлбэл, сангийн аж ахуйн дотоод газар зохион байгуулалт хийж тухайн аж ахуйг яаж хөгжүүлэх, тогтвортой ажиллуулах гэдэг нь тэр чигээрээ эдийн засгийн тооцоогоор явдаг.
“Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” хэмээх ном нь Та бүхнийг гэрчлэх, батлах нэгэн зүйл шүү дээ. Тэр номынхоо тухайд товч дурсаач...
Энэ номон дээр нийтдээ 430 депутат өөрсдийн тэр үеийн дурсамж болоод түүхээ бичсэн. Миний бие ч гэсэн энэхүү номонд дурсамжаа мөнхөлсөн тухайн үед үндсэн хууль батлагдах хүртэл бүтэн нойртой хонож үзээгүй, түр завсарлагаанаар гарч буйдан дээр амрахдаа зүүрмэглэдэг тийм л түүхэн өдрүүд өнгөрч байлаа.
Депутат гэж тухайн үед ямар хүнийг хэлдэг байсан бэ?
Ард түмнээ төлөөлж төрийн бодлогод нөлөөлж мөн улсын хөгжил хэрхэн яаж явах ёстойг хэлдэг одоогоор УИХ-ын гишүүн гэсэн үг. Тэр ч бүү хэл, депутат хүн бол ард түмний зарц гэж иргэдийн дуу хоолой болж, ямар асуудал байгаа зэргийг нь их хуралд тайлагнах үндсэн үүрэгтэй. Төрийн ордон, хөдөө орон нутгийн бүх улс төрийн байгууллагад орох тусгай эрхтэй үнэмлэх олгогддог, маш өндөр нэр хүндтэй алба. Одоогийн энэхүү парламентын засаглал хэрэгтэй нь хэрэгтэй. Манай улс хүн ам цөөнтэй. Тиймдээ ч парламентын байнгын засаглал хэрэгтэй юу, үгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй. Үүний оронд Улсын бага хуралдай, Улсын их хуралдай байхад болмоор ч санагддаг. Засгийн газрын эрх мэдлийг өндөрсгөж өгснөөрөө энэ тал руу шилжих гэж буй дохио гэж харж байгаа.
2021 оны нэгдүгээр сарын 20. Лхагва. №006 (5411)
#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим