Ерөнхийлөгчийн мэндчилгээ

   Монгол Улсад газрын харилцааны салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт албан хаагчид, бидний хойч үе болон бэлтгэгдэж буй оюутан залуучууд болон Монгол Улсынхаа нийт иргэдэд Монголын Газар Зохион Байгуулалтын Холбооны зүгээс Монгол улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүссэний 70 жилийн ойн мэндийг хүргэж, амьдралд нь аз жаргал, ажил үйлсэд нь амжилт бүтээлийг хусье.

Манай байгууллага нь Монгол улсын Газрын тухай хууль болон газрын харилцааны талаарх бусад хууль тогтоомжийн эрхзүйн орчныг боловсронгуй болгож түүнийг хэрэгжүүлэх, газрын менежментийг сайжруулах, газар зохион байгуулалтын үйл ажиллагааны стандарт, норм  норматив, технологийг шинэчлэх, төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллага, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшсэн болон зөвлөх инженерийг бэлтгэх, газрын харилцааны чиглэлээр мэдээлэл сурталчилгаа явуулахад анхааарлаа чиглүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр зөвхөн улс орны өмнө бус дэлхий дахинаа тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол цаашлаад газрын доройтол, бэлчээр ашиглалт зэрэг олон томоохон асуудлыг шийдвэрлэх шаардлага бидэнд байна.

Үүний тулд газрын харилцаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэн, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох зорилгоор газар болон холбогдох хууль тогтоомжид санал өгөх, өөрсдийн дуу хоолойг хүргэн ажиллах болно.

Салбарын өмнө тавигдаж байгаа эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд Та бидний нягт хамтын ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, зориг эрмэлзлэл чухал гэдгийг онцлон тэмдэглэе. Ингээд та бүхэндээ дахин сайн сайхныг хүсч, амжилт бүтээлийн дээдийг ерөөе.

МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХОЛБООНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ С.САЙНБАЯР