Мэргэжилтний үг
Д.ОДОНЧИМЭГ : ГАЗРЫН АРИЛЖАА ИЛ ТОД БИШ БАЙНА
-Манай улсын газар зохион байгуулалт өдгөө ямар түвшинд байна вэ?
-Улсын хэмжээнд иргэн бүрт газар өмчлүүлж эхэлсэн, кадастрын мэдээлэлтэй болсон гээд багагүй ажил амжуулсан. Гэсэн ч энэ нь хуулийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлагдаж байна. Монгол Улсад газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон цоо шинэ тогтолцоо, эрхзүйн орчин бий болгоод 12 жил өнгөрсөн ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа. 1990 оноос өмнө хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хүрээнд, дараа нь аймаг, хот орчмын хашаа, байшингийн газрын асуудлаар хязгаарлагдсан. Газрын тухай багц хуулийг УИХ-аар хэлэлцэлгүй хэдэн парламент дамжуулан хойш тавьж байна. Дахин төлөвлөлт, гэр хорооллыг барилгажуулах ажил ид өрнөж буй энэ үед газрын шинэчилсэн үнэлгээгүй, нүүлгэн шилжүүлэлтийн тухай хуульгүй байж болохгүй.
-Гадаадынхан манай газрыг үнэд хүргээгүй маш том баялаг гэдэг. Гэтэл манай хөдөөгийнхөн мал бэлчээх газар алга, хотынхон 0.07 га газраа эзэмшиж чадахгүй байна, цэцэрлэгийн газар дээр барилга барилаа гэх яриа сүүлийн үед байнга гарах боллоо.
-Эхлээд зөв, тэгш, хүртээмжтэй мэдээллийг бүх иргэнд түгээж, дараа нь нэгэн зэрэг 0.07 га газрыг нь өмчлүүлэх ёстой байсан. Ийм арга хэмжээ аваагүйгээс мэдээлэл түрүүлж авсан хүмүүс баялгаас илүү хүртсэн хэрэг. Энэ нь хуваарилалтыг шударга, зөв хийгээгүйн илрэл.
-Иргэдийн газрыг хэтэрхий багаар үнэлдэг зарчим байсаар байна. Зам тавихаар айлын хашааны газрыг чөлөөлөхдөө нэг ам метрийг нь 13.200 төгрөгөөр үнэлж байгаа шүү дээ.
-Энэ нь нийслэлийн Газрын алба байгуулах үед Улаанбаатар хотын газрыг бүсчлэн хувааж тогтоосон үнэлгээ. Багагүй хугацаа өнгөрчих өөд байхад үнэлгээ хэвээрээ байгааг ойлгохгүй байна. Нэг ч иргэн, аж ахуйн нэгжийг хохироолгүй бодит үнэлгээгээр нөхөн олговор тооцох, тухайн газартаа бизнес эрхэлдэг бол 5-10 жилийн орлогыг нь өгдөг зохицуулалт хэрэгтэй. Иргэдийг газраа чөлөөл, энэ үнээр үнэлнэ гэж зүтгэх нь байж боломгүй зүйл.
-Газрын тухай багц хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхтэй холбоотойгоор өнгөрсөн хавар нэлээд маргааш үүссэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байв?
-Энэ хуулийг хэлэлцэхийн өмнө иргэдэд сайн мэдээлэл өгөх ёстой байсан. Цөөн хүн хэлэлцээд орхих биш, маш өргөн хүрээнд санал асуулга явуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Буруу мэдээллээс л маргаан үүссэн хэрэг. Иргэд "Гадаадын иргэнд газар өмчлүүлэх нь" гэж нэлээд эсэрг үүцсэн. Гэтэл гадаадын иргэнд газар эзэмш үүлж ашиглуулах тухай заалт 2003 оноос өнөөг хүртэл хэрэгжүүлж буй Газрын тухай хуульд ч байдаг шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд ийм заалт оруулсан гэж би ойлгодог юм. Газрын тухай хуулийг хэлэлцэхдээ нам, эвсэл гэж талцалгүй бидний оршин тогтнох үндэс суурь, гишгэх газар гэдэг талаас нь хараасай гэж хүсэж байна. Зөвхөн газрын харилцааны асуудлаар ч биш, улсаа хэрхэн хөгжүүлэх талаар уралдаж, талцаж шинэ, зоримог шийдл үүдийг гаргах цаг болсон. Цаашид уг хуулийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй. Одоогийн мөрдөж буй Газрын тухай хуулийг сайжруулж, газар зохион байгуулалтын зарчмаа шинэчлэх нь зүйн хэрэг.
-Манай улсын газрын хэдэн хувийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг вэ?
-Ашигт малтмалын хэдхэн ордын улсад төлж буй татварыг эс тооцвол эдийн засгийн эргэлтэд оруулж буй газар алга. Бусад хэлбэрээр эзэмшиж, ашиглаж байгааг нь эргэлтэд оруулж байна гэж хэлэхэд хэцүү. Хашаа байшингаа барьцаалан зээл авч, жижиг, дунд бизнес эрхлэх гэхээр арилжааны банкны чанаргүй зээл өснө гээд нааш гэх газар олддоггүй гэж иргэд ярьдаг. Хөлсөө гаргаж зүтгэж байгаа болохоор тариалангийн газар эзэддээ үр өгөөжөө өгч буй. Газрын зах зээлийг одоогийнх шиг далд биш, ил тод явуулах зарчмаар хөгжүүлбэл газар эргэлтэд хэрхэн орж байгааг харах боломж бүрдэх юм. Газрын арилжаа ил тод биш байна шүү дээ.
-Газар зохион байгуулалтын цаашдын бодлого нь ямар байх ёстой юм бэ. Иргэд газрынхаа үр шимийг хэрхэн хүртдэг болох вэ?
-Монгол Улсын газрын бодлого нэгдмэл стратегитай, зангидсан гар шиг байх ёстой. Миний санаа зовж буй нэг зүйл нь газрын бодлогын стратеги, хэрэгжүүлэх зарчим нь тархай бутархай, сарнисан байдалтай байгаа нь. Шинэ Засгийн газар байгуулсантай холбоотойгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ)-нд Газар зохион байгуулалтын газар болон Кадастрын хэлтэс шинээр байгууллаа. Улсын хэмжээний газрын кадастрын мэдээ, мэдээллийг Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар (ГХГЗЗГ)-ын Кадастрын хэлтэс хариуцдаг. Ижил чиг үүрэг бүхий хэлтсүүд энд тэндгүй байна гэсэн үг. ГХГЗЗГ манай улсын газрыг бүхэлд нь хянаж, төлөвлөж, бодлогыг хэрэгжүүлэх ёстой юм. Цаашид уул уурхайн томоохон бүтээн байгуулалтууд, төмөр зам, уран, газрын тос олборлолт зэрэг том асуудлууд хөндөгдөнө. Улс үндэстний эрүүл, аюулгүй амьдрахад нөлөөл өхүйц томоохон асуудлуудад ГХГЗЗГ бодлого тодорхойлогч яам, төрийн бус байгууллагууд, эрдэмтэдтэй хүчээ нэгтгэн хамтран ажиллах ёстой. Бидэнд өргөн их газар нутаг, түүний нөөц баялаг байна. Энэ нь л манай улсын хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхан амьдрах үндсэн хөрөнгө шүү дээ.
-Салангид байгаа бодлогыг нэгтгэхэд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай юм бэ?
-Монгол Улсын газрын бодлого нэгдмэл байна гэсэн стратеги боловсруулах ёстой. Манай улсын газрын бодлогын стратеги, зарчим ийм байна гэсэн баримт бичиг сүүлийн жилүүдэд олж харсангүй. Газрыг зөвхөн эзэмших, ашиглах биш, хамгаалах хэрэгтэй. Хамгийн наад захын бодлого болох бидний хүнсний үндсэн хэрэгцээг хангаж буй мал аж ахуй, газар тариалангийн газрын нөөц бүсийг хатуу тогтоон ашигт малтмалын хайгуул, олборлолтын лицензтэй давхардуулахгүй байх ёстой. Энэ бол үндэсний аюулгүй байдлын нэг чухал хэсэг. Шаардлагатай бол газрын бол газрын бодлогын стратегийн баримт бичиг боловсруулж, ард иргэдээр хэлэлцүүлж болно. Зөв бодлогыг дагаад хэрэгжүүлэх механизм, байгууллага нь ч эмх цэгцтэй байна. Хэдэн зуунаар тогтвортой хөгжих, өр зээлд унахгүй байх гарц бол газар, түүний нөөц баялгийг зохистой эзэмшиж, ашиглах, хамгаалах юм. Монгол Улсын газрын бодлого тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангасан нэгдмэл стратегитай байх нь маш чухал.
Өнөөдөр сонин 2015.01.05