Баруун бүс /Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан/

 Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл байгуулагдлаа

   Аймгийн Газар зохион байгуулагчдын холбооны салбар зөвлөл анх 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анх холбооны зорилго үйл ажиллагааны үндсэн чиглэлийг танилцуулах, сурталчлах, шинээр холбооны гишүүн элсүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байсан бол өнөөдрийн байдлаар 25 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус аймагт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дэд дарга, Монголын Газар зохион байгуулагчдын холбооны дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Даваабаатар, салбар зөвлөл хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн Ш.Наран-Очир нар 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Газар зохион байгуулагчдын холбооны салбар зөвлөлийн бүх гишүүдийн анхдугаар хурлыг зохион байгуулсан. Тус хурлаар салбар зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийг сонгохын зэрэгцээ салбар зөвлөлийн тэргүүнээр Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн М.Ариунсэлэнгийг томилон холбооны цаашид хийх үйл ажиллагааны үндсэн чиглэлээ тодорхойллоо.

Ховд аймаг дахь салбар зөвлөл байгуулагдлаа

   Орон нутгийн газрын харилцаа болон түүн дэх нийтийн эрх ашгийн эсрэг аливаа хууль бус асуудлын судалгаа хийх, газрын менежментийг хөгжүүлэх, улмаар газар зохион байгуулалтыг боловсронгуй болгох, газрын харилцааг зохицуулах төрийн байгууллага, мэргэжилтэнд сургалт зохиох, судалгаа, технологи, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, мэргэжилтний мэргэжил ба хувь хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлийг эрхэм зорилгоо болгон Ховд аймгийн газар зохион байгуулагчдын холбоо ажиллаж байна. Одоогоор Ховд аймгийн газар зохион байгуулагчдын холбооны тэргүүнээр Ч.Ганзориг /аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч/ ажиллаж байна. Холбоо нь газрын харилцааны мэргэжилтэн болон энэ чиглэлийн оюутан залуус болон байгалийн шинжлэлийн судлаачдад зориулан Газарзүйн мэдээллийн систем /ГМС/, зайнаас тандан судлал /ЗТС/-ын сургалтыг шат дараатай зохион байгуулж байна.