Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Жамц-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жил, нийтийн аж ахуйн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Газрын албыг удирдан зохион байгуулах, атар газар эзэмших аяныг эхлүүлэн, Монгол- Зөвлөлтийн хамтарсан экспедицийг удирдаж, хөдөө аж ахуйн 360 нэгдэл, 25 сангийн аж ахуйд газар нутгийг эзэмшүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоох ажлыг удирдан зохион байгуулж, нийслэл, аймаг, сумын эдэлбэр газрын хилийн цэсийг тогтоон баталгаажуулах, тариалан, хадлан, бэлчээр болон газар ашиглалтын судалгааг санаачлан боловсруулж, газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрээр тогтоосны үр дүнд нийт нутаг дэвсгэрийн талбайг тодорхойлсон, анхны газар зохион байгуулагч, Гавьяат эдийн засагч Даржаагийн Жамц нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.