Д.МӨНХБААТАР: МОНГОЛЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ХОЛБОО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ЦАРААГ ТЭЛЖ, БҮХ АЙМАГТ САЛБАР ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЖ БАЙНА

Доржготовын Мөнхбаатар Завхан аймгийн хүн. Улиастай хотод бага насаа үдэж, 1987 онд Москвагийн Газар зохион байгуулалтын инженерийн дээд сургуулийг төгссөн. Ирээд тэр үеийн Улсын газар зохион байгуулалтын хайгуул, зураг төслийн институтэд техникчээр ажлын гараагаа эхэлсэн. Газрын салбарын унаган мэргэжилтний нэг. Энэ салбарын ажлыг анхан шатнаас эхлэн одоо хүртэл хашиж яваа цөөн боловсон хүчний нэг. Тэр техникч, инженер, эрдэм шинжилгээний ажилтан, төр засгийн байгууллагад удирдах ажил хийж явсаар өнөөдөр Барилга, хот байгуулалтын яаманд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ Монголын газар зохион байгуулагчдын холбооны тэргүүний сонгуультай. Д.Мөнхбаатар 2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намаас Улсын Их Хуралд нэр дэвшиж байсан. Түүний мэргэжлийн салбартаа ажилласан он жилүүд нь хамгийн үнэ цэнтэй он жилүүд нь байсан. Москвагийн Газар зохион байгуулалтын инженерийн дээд сургуулийг 1987 онд төгссөнөөс хойш үндсэндээ газрын харилцааны салбарт 27 жил ажиллаж байна.

2014 он газрын салбарын хувьд онцгой жил. Үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хүрээнд ГЗБХолбоо ямар ажил өрнүүлж байна?

-Манай газрын харилцааны салбарын үүсэл хөгжлийг 1954 оноос эхтэй гэж үздэг. Энэ жил 60 жилийн ойтойгоо золгож байна. Барилга, хот байгуулалтын яам, тус яамны харьяа ГХГЗЗГ, манай ГЗБХ-оос бүрдсэн зохион байгуулах ажлын хэсэг ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ойгоо 2014 онд яг нэг тодорхой өдөр биш энэ оныг ойн жил гэдэг утгаар нь бүтэн жилийн турш дэс дараатай арга хэмжээ зохион байгуулна. Гэхдээ мэдээж "Газрын харилцааны ажилтан"-ы өдрөө буюу 5-р сарын эхний Ням гаригт тодорхой арга хэмжээг зохион байгуулна. Салбартаа олон жил ажилласан, гавьяа зүтгэл гаргасан хүмүүсээ төр засгийн гавьяа шагналд тодорхойлохоос эхлээд түүхэн 60 жилийн хугацаанд юу хийж бүтээсэн, ямар үүх түүхтэй юм гэдгээ агуулсан ном хэвлүүлэхээр ажиллаж байна. Монгол улсын газрын салбарт тухайн цаг үе бүхэндээ нийцсэн тодорхой бодлого чиглэл гаргаж хэрэгжүүлж ирсэн байдаг. Энэ бодлого нь гол төлөв Газрын тухай хууль тогтоомжид тусгалаа олж тэдгээрээр дамжин хэрэгжиж ирсэн. Гэтэл Монгол улсын төрөөс газрын харилцааны талаар баримтлах бодлого, бодлогын баримт бичиг гэж тусад нь батлаад гаргачихсан зүйл өнөөг хүртэл байсангүй. Тиймээс бид газрын салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж ой тэмдэглэх ажлын хүрээнд газрын салбарынхныхаа дунд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж бодлогын баримт бичгийнхээ гол үзэл санааг босгоод авах, үүнийгээ форум зохион байгуулж оролцогсодын санал бодлыг тусган баталгаажуулах зорилготой байгаа.

-Газрын салбар 1954 онд тулгын чулуугаа тавиад нэг жаран болжээ. Ахмад үеийнхэн, залгамж халаагаа бэхжүүлэх бэлтгэх гэдэг юм уу энэ талаар ямар бодлого баримтлан ажиллаж байна?

-Манай салбарын хөгжлийг өнөөгийн түвшинд авч ирсэн ахмад үеийнхэн, дунд насныхан болон залуучуудтайгаа бид нягт хамтран ажилладаг. Бид холбооныхоо дэргэд Ахмадын зөвлөл, Залуучуудын зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Ахмадын зөвлөлийн даргаар гэхэд манай салбарын ганц гавьяат цолтон болох гавьяат эдийн засагч Д.Жамц гуай ажиллаж байна. Энэ хүн манай салбарыг үүсэн байгуулагдахаас эхлээд Газар зохион байгуулалтын хэлтсийн даргаар 33 жил ажилласан буурал түүхтэй нэгэн. Түүнчлэн газрын харилцааны салбарыг хөгжүүлэхэд эрдэм шинжилгээ, судалгаа, стандарт, норм норматив талаас нь маш их ажил хийсэн Г.Пүрэвцэрэн захирал агсаныгаа энд дурьдахгүй байхын аргагүй. Мөн энэ салбартаа одоо ч хүчин зүтгэж буй Ц.Чойнхор гуай, нэгэн үе Төв аймгийн Угтаалын САА-н даргаар ажиллаж байсан А.Бааст гуай нарыг дурьдахад таатай байна. Дунд үеийн төлөөлөл гэхээр хамгийн эхлээд Монгол улсын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсаныг хүндэтгэн дурсаж байна. Энэ хүнийг монголын ард түмэн маш сайн мэдэх тул элдэв тодотгол илүүц гэж бодож байна, Харин түүнийг манай Газар зохион байгуулагчдын холбоог анх үүсгэн байгуулсан хүн гэдгийг энд хэлэх нь зүйтэй болов уу. Түүнчлэн дунд үеийнхэнд хамаарах Ж.Даваабаатар өнөөдөр Газрын харилцаа, геодези Зураг зүйн газрын дэд даргаар, Т.Соёлхүү Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Ингээд бидний үргэлжлэл халаа болсон манай залуу чеийнхнийг дурьдах нь зүйтэй. Энэ дундаас төлөөлөх гол хүний нэг бол одоо манай Газар зохион байгуулагчдын холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, Москвагийн ГЗБ-ын инженерийн дээд сургууль төгссөн С.Сайнбаяр гэж залуу эрдэмтэн байна. Ер нь манай салбарын анхан болон дунд үеийн боловсон хүчнүүд Москвагийн Газар зохион байгуулалтын инженерийн дээд сургуульд бэлтгэгдсэн байдаг. Энэ сургууль олон жилийн түүхтэй. Одоо Газар зохион байгуулалтын Их сургууль болон өргөжиж, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ оны тавдугаар сард 235 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр төгсөгчид бидэндээ урилга ирүүлээд байна. За сүүлийн үеийн залуучууд маань ихэвчлэн дотоодын их дээд сургуулиуддаа боловсрол эзэмшиж байна. Монгол улсад газрын харилцааны салбар эрчимтэй хөгжиж, газрын үнэ цэн, ач холбогдол ихсэж байгаагийн хирээр газрын мэргэжил эзэмших гэсэн залуучуудын сонирхол, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх гэсэн их, дээд сургуулиудын хичээл зүтгэлээр олон тооны мэргэжилтнүүдийг сүүлийн жилүүдэд бэлтгэн гаргаад байна. Харамсалтай нь чанарын харилцан адилгүй түвшинд сургаж, дээр нь ямар нэгэн бодлогын төлөвлөлтгүй явж байгаагаас төгсөгчдийн ажлын байраар хангах асуудал хангалтгүй, мэргэжлийн дипломтой ажилгүйчүүд бий болж байна. Иймд манай холбооны зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нэг ажил нь төгсөгчдийг давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтанд хамруулах асуудалд анхаарч байгаа.

-Газар зохойн байгуулалтын холбоо одоо ямар ажил зохион байгуулж байна. Газрын салбарын их ажлын үе эхэлж байна даа.

Манай холбоо 1990-ээд оны сүүл үед Ж.Наранцацралт агсан нарын санаачилгаар анх "Газар-хөгжил" нийгэмлэг нэртэй байгуулагдаж байсныг дээр дурьдсан. Сүүлд Газар Зохион Байгуулагчдын холбоо болон шинэчилсэн зохион байгуулалтанд орж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Газар зохион байгуулагчдын холбоо нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Тийм болохоор бидний гол зорилго холбооны гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний хүсэл эрмэлзлэл, үзэл санааг төр засагт хүргэх, тэдгээрийг давтан сургах, бүх талаар нь дэмжих үйл ажиллагааг л явуулах үндсэн зорилготой юм. Мөн дээр нь бид Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд төрийн зарим чиг үүргийг тэр чиглэлийнх нь төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлогын хүрээнд "Газрын харилцааны мэргэжлийн байгууллага"-ын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хариуцан зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Чиг үүргийг шилжүүлэх тухай Засгийн газрын шийдвэр нь гарчихсан байгааг дашрамд дурдахад таатай байна.

-Газар зохион байгуулалтын холбоо гишүүнчлэлтэй юу.

Гишүүнчлэлтэй. Ер нь нэг зүйлийг энд тодруулахад холбоо анх байгуулагдсан цагаасаа саяханыг хүртэл үйл ажиллагаа сулхантай явсаар ирсэн. Хэдхэн удирдах зөвлөлийн гишүүдийн хүрээнд ажиллагаа явагдаж ирсэн байдаг. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд холбооны үйл ажиллагааг идэвхижүүлж, гишүүнчлэлээ шинэчлээд, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, бүх аймгуудад салбар зөвлөлөө байгуулан ажиллаж байна. Манай Газар зохион байгуулалтын холбооны дэргэд Ахмадын зөвлөл, Залуучуудын зөвлөл ажиллаж байгааг дээр хэлсэн. Манай харилцааны болон үйл ажиллагааны хүрээ өргөжсөөр байна. Бид газрын харилцаа, геодези, зураг зүй, инженер геологийн чиглэлийн мэргэжлийн холбоодыг нэгтгэн "Газрын салбарын нэгдсэн холбоо"-г байгуулж ажиллахаар баримт бичгийг бүрдүүлэн зохих журмын дагуу холбогдох байгууллагад хандаад байгаа.

-Энэ 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ТББ-ын хувьд, газрын харилцааны мэргэжлийн байгууллагын хувьд бас ч их ачаа үүрэлцэж байна уу?

-Тиймээ, Бид мэргэжлийн төрийн бус байгууллагын хувьд холбоонд байгаа судалгаа бүртгэл дээрээ үндэслэн манай салбарт ажиллаж ирсэн ахмадууд, энэ салбарт хүчин зүтгэсэн ажилтнуудын намтар түүх, бүртгэлийг гаргах, орон нутагтайгаа харилцах тал дээр түлхүү ажиллаж байна. Мөн ой тэмдэглэх ажлын комисст орж тодорхой үүрэг чиглэл аван ажиллаж байна.

-Газрын салбарын шинэчлэл, ялангуяа нийслэл хотын хувьд газрын эрэлт хэрэгцээ, газар өмчлөлийн амьд харилцаа бий болчихлоо. Энэ цаг үед газартай холбогдон гарч буй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөх бололцоо байдаг болов уу?

- Та их зөв асуудлыг хөндөж тавилаа. Өнөөдөр ард иргэдийн дунд мэдээлэл хомс байдал их ажиглагдаж байна. Энэ чиглэлээр зөвлөгөө туслалцаа үзүүлэх үйлчилгээ дутмаг байгааг ч иргэд ярьж байна. Иймд бид холбооныхоо төв байранд "Газар өмчлөлийг дэмжих төв"-ийг байгуулан ажиллаад эхэлчихсэн. Энд газар өмчлөлтэй холбоотой болон ер нь газрын харилцааны асуудлаар зөвлөгөө чиглэл авах бүрэн боломжтой байгааг хэлмээр байна.

Газрын салбарын шинэчлэлтэй холбон ярихад сүүлийн хоёр парламент дамжаад "Газрын тухай" багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ шинэчлэлээр бид өнөөгийн цаг үед шаардагдаж байгаа гол гол асуудлуудыг шийдвэрлэхээр, тухайлбал иргэдийн эрх ашиг, газрын харилцааны зохицуулалттай холбоотойгоор хаана, аль шатанд хэрхэн зөрчигдөж байна, шүүх дээр ямар ямар асуудлуудаар иргэд гомдол гаргаж байна, гадуур нийгэм, ард иргэдийн дунд ямар хуулийн нарийвчилсан зохицуулалт шаардсан асуудлууд байна гэдгийг судалсаны үндсэн дээр одоо байгаа хуулийг өөрчлөх, шинэчлэх үзэл баримтлалын анхны концепцийг гаргаж ирсэн.

Ингээд судлаад үзэхэд. Нэгдүгээрт газар олголтыг хэн хэрхэн шийдвэрлэдэг байх асуудлыг өөрчлөн шинэчлэх нь зүйтэй байна. Яагаад гэхээр дүүрэг, нийслэл, аймаг, сумын Засаг дарга гээд газар олгогч олон субьект байна. Тэгээд хоорондын уялдаа холбоогүйгээс үүдээд эмх цэгцгүй олголт, давхардуулалт гээд олон зөрчлүүдийг бий болгож байна. Үүнээс болоод цаана нь иргэд хохирч байна. Ийм учраас тухайлбал, нийслэлд инженерийн гол шугам сүлжээ бүхий газруудад төлөвлөлтийнхөө дагуу газар олгодог субьект нь нийслэлийн Засаг дарга байхаар, харин дүүргийн Засаг дарга иргэдийн ахуйн хэрэгцээний зориулалтаар л газар олгодог байхаар хуульд өөрчлөлт оруулахаар тусгагдсан байгаа.

Хоёрдугаар асуудал нь газар зохион байгуулалтын төлөвлөлтийн асуудал. Өнөөдөр төлөвлөлт хийгээд явж байгаа боловч тэр бүр мөрдөгдөхгүй, хэрэгжихгүй байна. Төлөвлөлт гэдэг зүйлийн ач холбогдлыг өндөр болгоод төлөвлөлтийг хууль шиг мөрддөг болгоё гэж. Төлөвлөлтийг бүх хүн мөрддөг, орон нутаг болон төрийн захиргааны байгууллагаас эхлээд иргэд хүртэл төлөвлөлтөө харж газраа өмчлөх, эзэмших хүсэлтээ гаргадаг, шийдвэр гаргагч нар нь ч энэ төлөвлөлтөө барьж асуудлаа шийддэг болох хэрэгтэй.

Түүнчлэн тухайн жилийн улсын хэмжээний газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Засгийн газар баталдаг байхаар хуулийн төсөлдөө өөрчлөлт оруулж байгаа. Жил болгон гаргадаг газрын нэгдмэл сангийн тайлан тэнцлийг одооны практикаар бол Засгийн газрын хуралдаанд танилцуулаад л өнгөрдөг. Тэгвэл үүнийг их хурал дээр хоёр жилд нэг удаа танилцуулдаг болгоё. Нөгөө талаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөлтийг яагаад Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулдаг байя гэхээр энэ газрын харилцаа, газрын асуудал чинь бүх юмны суурь харилцаа байдаг. Жишээлбэл барилга барих, зам тавих, станц барих гээд бүх дэд бүтцийн асуудал газартай холбогдож газар дээр л барина. Тийм болохоор жил болгон улсын төсөвт хөрөнгө мөнгө нь тусгагдан батлагддаг бүтээн байгуулалтын ажлууд бүгд газар дээр баригдах учраас улсын төсвийг батлахдаа шаардлагатай хэсэгт нь газартайгаа уялдуулж хамтад нь шийддэг болвол хэрэгжих магадлал өндөрсөж ач холбогдолтой, үндэслэлтэй болох юм болов уу гэдэг үүднээс ийм зохицуулалтыг хийж байгаа болно.