“Монгол орны бэлчээрийн үндэсний форум - VII" -д гадаад, дотоодын 200 орчим зочид, төлөөлөгч оролцлоо

“Монгол орны бэлчээрийн үндэсний форум-VII" 2024 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдвийн дор өрнөсөн энэ удаагийн форумын эхний өдрийн арга хэмжээ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд болсон юм. “Бэлчээрийн Үндэсний Форум VII”-г Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо санаачилж Монгол Улсын Их Хурал,  Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, МУИС, ХААИС, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Газар Зохион Байгуулалт Геодези Зурагзүйн Ерөнхий газар, Олон улсын газрын эвсэл, АНУ-ын ХААЯ-ны ХАА-н судалгааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга  Б.Бейсен үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийг баяжуулан хөгжүүлж, уламжлалт өв, соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйг эрхлэхдээ газрыг ашиглах, сайжруулах, хамгаалахтай холбогдсон харилцааг тодорхой болгох, бэлчээрийн менежментийн нэгдсэн системийг бий болгох зэрэг тулгамдсан асуудлаа оновчтой шийдвэрлэх нь чухал байна. УИХ өнгөрсөн хаврын чуулганаар Уламжлалт мал ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,  Малчны тухай хуулийг тус тус баталсан. Хуулиар мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зүй зохистой ашиглах, хамгаалах нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчны хамтын санаачилга, хоршооллыг дэмжиж, малын чанар, ашиг шим, түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх цогц арга хэмжээг авсан” гэдгийг онцолсон.

Гадаад, дотоодын 200 орчим зочид төлөөлөгчид цахимаар болон биечлэн оролцсон энэ удаагийн форум нь Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаагаараа онцлог байлаа. Уг форумд МГЗБХолбооны дэд тэргүүн Д. Одончимэг холбоог төлөөлөн оролцож үг хэллээ.