ХААИС, ШУА-ИЙН ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, МГЗБХ ХАМТРАН "ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 60" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсад Газар Зохион Байгуулалтын алба байгуулагдсаны 60-н жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Газар зохион байгуулалт 60" эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнд 2014 оны 10 сарын 15-нд амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд газрын салбарын нийт 80 гаруй судлаач эрдэмтэдийн 46 бүтээл ирснийг доктор О.Нямсүрэн, доктор С.Сайнбаяр нар эмхэтгэн "ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ-60" эрдэм шинжилгээний товхимолыг ХААИС-ийн Агроэкологийн сургуулиас хэвлүүлсэн байна.

Тус хуралд ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай "Газрын харилцааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам", Монгол улсын гавъяат эдийн засагч доктор, анхны газар зохион байгуулагч Д.Жамц "Газар ашиглалт хамгаалалтыг сайжруулах асуудалд", доктор С.Сайнбаяр, О.Нямсүрэн нар "Газрын салбарт боловсон хүчин бэлтгэж ирсэн түүх, цаашдын чиг хандлага", доктор П.Мягмарцэрэн, И.Мягмаржав "Монгол орны газрын бодлогыг тодорхойлох асуудалд", доктор Л.Нямбат, Э.Эрхэмбаяр "Тариалангийн газрын менежментэд геотехнологийн хэрэгцээ ба шаардлага" зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн байна.Тус бага хуралд салбарын эрдэмтэн судлаачид болон бодлого тодорхойлогчид оролцож энэхүү бага хурлыг цаашид уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтсон байна.