“Газрын Харилцаа- Залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт хурал амжилттай болж өнгөрлөө

Монголын Газар Зохион Байгуулалтын Холбооноос санаачлан 2024 оны 10 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо “Газрын Харилцаа-Залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт хурлыг амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалт нь Олон Улсын Газрын Эвсэлийн /ILC/ 2022-2025 оны стратегийн нэг хэсэг бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан залуучууд, эмэгтэйчүүдийн газрын эрхийг онцлон харуулах зорилготой байв.
Нэг өдрийн турш үргэлжилсэн уулзалтад 35-аас доош насны залуучууд, эмэгтэйчүүд, төрийн болон хувийн хэвшлийн залуу мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 70 орчим хүн оролцсон байна. Оролцогчид газрын эрх, эзэмшил, тэгш хуваарилалтын асуудлыг хэлэлцэж, жендэрийн тэгш байдал, залуучуудын чадавхийг нэмэгдүүлэх талаар бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тус уулзалт нь залуучууд болон эмэгтэйчүүдийн газрын эрхийг баталгаажуулах, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэхийг зорьсон бөгөөд оролцогчид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулж болох талаар харилцан санал солилцов.
Залуу оролцогчид газрын нөөцийн ач холбогдол, тэдний чадавхийг нэмэгдүүлэх хэрэгцээ, үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулах практикт жендэрийн тэгш байдлыг хангах нь чухал болохыг онцолж байлаа. Үдээс хойшхи хуралдаанууд нь эдийн засгийн хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаар ярилцсан жижиг бүлгийн хэлэлцүүлгээр үндэсний түвшинд залуучууд, эмэгтэйчүүдийг чадавхижуулахад чиглэв.